
“Ган, зуд, ус, цаг агаарын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Засгийн газрын 190 дүгээр тогтоолын дагуу Ус, цаг уур, орчны хүрээлэнд 2014-2015 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдал 2014 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд хэвийн, 30 орчим хувьд гандуу, 10 хүрэхгүй хувьд гантай байна.
Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:
60 % нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
15 % нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
15 % нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
5 % нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
5 % нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн)
байна. (Бэлчээрийн даацын зураг, 2014оны 8 дугаар сарын 25). Өөрөөр хэлбэл нутгийн 70 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй байна. Харин нутгийн 30 орчим хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Аймгийн дүнгээр авч үзвэлХовд, Архангай, Булган, Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.
Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Баяннуур, Булган, Ховдын Манхан, Зэрэг, Мөст, Мөнххайрхан, Булган, Буянт, Хөвсгөлийн Төмөрбулаг, Архангайн Булган, Өгийнуур, Хашаат, Цахир, Өлзийт, Булганы Орхон, Гурванбулаг, Рашаант, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Өлзийт, Сант, Гучин-Ус, Хэнтийн Галшар, Баянхутаг, Сүхбаатарын Мөнххаан, Дундговийн Адаацаг, Луус, Өлзийт, Дорноговийн Улаанбадрах, Сайхандулаан, Мандах, Даланжаргалан, Өмнөговийн Ханхонгор, Цогтцэций сумдорж байна. Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай.
Аймаг, сум, багийн нутагт хэдэн толгой мал отроор орж өвөлжих бололцоотой болон хэдий хэмжээний мал отроор гарах шаардлагатайг аймаг, сум, баг бүрээр хүснэгтээр гаргасан болно.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХҮРЭЭЛЭН
2014.08.25.