“МЭДЛЭГТ ТУЛГУУРЛАСАН УУР АМЬСГАЛ”
Дэлхийн Цаг уурын байгууллага нь 1873 онд байгуулагдсан Олон улсын цаг уурын байгууллагын үргэлжлэл бөгөөд түүний үндсэн зорилго нь Дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс ус, цаг агаар, уур амьсгалын гаралтай аюултай ба байгалийн гамшигт үзэгдлээс хүний амь, эд зүйлс, хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд цаг уур, ус судлалын үйлчилгээг үзүүлдэг. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай ажиглалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнд суурилсан цаг агаар, уур амьсгалын тухай мэдлэггүйгээр дээрх үйлчилгээг үзүүлэх боломжгүй.
Дэлхийн цаг уурын байгууллагыг үүсгэн бий болгох тухай конвенц хүчин төгөлдөр болсон 1950 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг 1961 оноос эхлэн Дэлхийн цаг уурын өдөр болгон тэмдэглэж ирлээ. Энэ өдрийг мөн Үндэсний ус цаг уурын албад өөрийн орны хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмрийг үнэлэн тэмдэглэдэг бөгөөд жил бүр хамгийн их анхаарал татаж буй нэг сэдвийг сонгон авч тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Мэдлэгт тулгуурласан уур амьсгал” сэдвийг сонгон авсан нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах асуудлаар улс орнууд өргөн цар хүрээтэй, зоримог шийдвэрүүдийг гаргах шаардлагатай болсон цаг үетэй давхцаж байгаагаараа онцлогтой болж байна.
Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд шууд нөлөө үзүүлж хөдөө аж ахуйн салбараас эхлээд аялал жуулчлал, дэд бүтцээс эрүүл мэндийн салбар гээд нийгэм эдийн засгийн бүхий л салбарыг хамарч байна. Ус, хүнс, эрчим хүч зэрэг стратегийн нөөцөд нөлөөлж, зөвхөн хөгжиж буй орнуудад төдийгүй тогтвортой хөгжлийг удаашруулж, аюул заналхийлэх боллоо. Хэрэв бид нэн даруй, цаг алдалгүй тууштай арга хэмжээ авахгүй бол бидний идэвхгүй байдлаас үүдэн гарах сөрөг үр дагавар улам их болно.
Цаг агаар, уур амьсгалын мэдээллийг гаргахын тулд олон тооны ажиглалт, судалгаа, дүн шинжилгээ хийдэг гэдгийг мартахад амархан ч, өдөр тутмын цаг агаарын урьдчилсан мэдээнээс эхлээд улирлын уур амьсгалын төлөв хүртэлх цаг агаар, уур амьсгал, түүний өөрчлөлтийн талаарх мэдээ мэдээлэл бидний өдөр тутмын амьдралд байнгын шаардагддаг зүйлс болоод байна.
Өнөөдрийн гаргаж буй цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээний таарц 25 жилийн өмнөх 2 хоногийн урьдчилсан мэдээний таарцтай ижил түвшинд хүрсэн бөгөөд улирлын уур амьсгалын урьдчилсан мэдээний чанар улам бүр сайжирсаар байна. Энэхүү амжилт нь зайнаас тандан судалгаа, түүний дотор хиймэл дагуулын мэдээний ашиглалт, шинжлэх ухаанд гарч буй томоохон ахиц дэвшил, тооцоолон бодох машины хүчин чадалтай салшгүй холбоотой. Өнгөрсөн 50 жилд цаг уур, уур амьсгалын салбарт гарч буй шинжлэх ухааны ололт амжилт нь шинжлэх ухааны бүхий л салбарын хамгийн ач холбогдолтойд тооцогдох боллоо.
Сүүлийн хэдэн арван жилд бий болсон уур амьсгалын талаарх мэдлэг нь уур амьсгалын асуудлаар шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад үнэлж баршгүй нөөц, урьдчилсан нөхцөл болж өгөх учиртай.
Агаарын температурын өсөлт, мөсний хайлалт, далайн түвшин нэмэгдэх, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл, ялангуяа хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээ жил ирэх бүр нэмэгдсээр байгаа нь уур амьсгал өөрчлөгдөж байгаагийн нотолгоо бөгөөд эдгээр нь хүний үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай.
Шинжлэх ухааны ололт амжилтын үр дүнд бид уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулж болохуйц түвшинд хүртэл өөрчилж, бууруулж чадна гэдэг өндөр итгэлийг өгч байна. Уур амьсгалын өөрчлөлт түүнээс улбаалан ирээдүйн хойч үеийнхний өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх асуудалд эргэлзэж байгаа хүмүүсийн тоо улам бүр цөөрсөөр байна. Уур амьсгалын талаарх мэдлэг нь энэ үйл явцад нөлөөлөх ба бүх шатны шийдвэр гаргагчдыг хамгийн зөв шийдвэр гаргахад тус дэм болох бөгөөд уур амьсгалын талаарх мэдлэг нь хэрэглэгчдэд хялбар, ойлгомжтой байх шаардлагатай.
Байгалийн гамшигт үзэгдлүүдтэй нүүр тулах, ногоон эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд хот суурин газруудын хөгжлийн бодлого болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан гаргахад уур амьсгалын мэдээ нэн чухал үүрэгтэй.
Эрүүл мэндийн байгууллагууд цаг агаарын онцгой үзэгдэл, ялангуяа ган гачиг, үер, хэт халуун болох нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судлахад уур амьсгалын мэдээг ашиглаж байна.
Температур, хур тунадасны урьдчилсан мэдээг ашиглан газар тариалан эрхлэгчид үр тариа тариалах, улмаар зах зээлд борлуулах шийдвэр гаргах боломжтой боллоо. Усны нөөцийн асуудал эрхлэгчид усан хангамж, үерийн менежментийг хэрхэн оновчтой хийх, эрчим хүчний салбарынхан хаана, ямар төрлийн цахилгаан станц барих шийдвэрийг гаргахдаа уур амьсгалын мэдээг ашиглаж байна. Дэлхийн цаг уурын байгууллага болон НҮБ-ын системийн байгууллагуудын санаачилсан Даян дэлхийн уур амьсгалын үйлчилгээний гол зорилго нь үнэн зөв мэдээлэл дээр тулгуурласан шийдвэрийг гаргахад чиглэгдэж байна. Энэ нь хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудад аль алинд нь шийдвэрлэх томоохон зорилт бөгөөд бие биенээсээ суралцах боломж нээснээр уур амьсгалын үйлчилгээний хэрэглээ, түүнийг боловсронгуй болгох, бусад орнуудыг уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицоход нь туслах юм.
Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн орнууд, улс орнуудын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудыг уур амьсгалын талаарх мэдлэгээ бусадтай хуваалцаж, түүнийг хэрэглэж, уур амьсгал, түүний өөрчлөлтөөс үүдэн гарах эрсдлийг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжихийг уриалж байна.
бичлэг
